Үр хүүхдээ хуурах, хоосон амлах нь хортой юу [ 2008.07.15 ]
Яагаад зарим айлын хүүхдүүд дуулгаваргүй, худалч болдог вэ. Уг нь аав, ээж бүхэн үр хүүхдээ хүмүүжилтэй, үгэнд сайн ордог, дуулгавартай сайн хүүхэд болгон хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэсэн ч энэ хичээл зүтгэл заримдаа талаар болчихдог гэм буй. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг эхээс нь, өөрсдөөс нь шалтгаалдаг гэдгийг зарим аав ээжүүд ор тас мартчихдаг. Тэр бүү хэл, зарим эцэг эх, “Бид үр хүүхдийнхээ биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлээгүй” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэтэл хүүхдийн хүмүүжил эцэг эхтэй нь шууд холбоотой төдийгүй маш жижиг зүйлээс эхэлдэг. Хоосон амлалт өгч хүүхдээ бүү хуураарай Хүүхэддээ хоосон амлалт өгч тэднийг хуурах нь манай эцэг эхчүүдийн нийтлэг алдаа юм. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ, “Маргааш чамайг дагуулж явна” гэж амласан хэрнээ, “Ажил ихтэй байна” гэдгээр шалтаглан амласандаа хүрдэггүй. Ингэж байнга хуурснаар үр хүүхэд нь бас амласнаа биелүүлдэггүй хүн болон өснө. Энэ зан нь нас биед хүрээд ч арилдаггүй бөгөөд ийм хүмүүжлээр хүмүүжсэн хүүхэд амласандаа хүрдэггүй, шалтаг тоочсон худалч зантай нэгэн болдог. Худалч, хэлсэн амандаа хүрдэггүй хүмүүст хамт олон, найз нөхөд нь дургүй байдаг шүү дээ. Ийм нэр хүндгүй, худлаа ярьж хоосон амладаг хүн ямар ч ажилд амжилт гаргаж чадахгүй. Тэгэхээр аав ээж нь үр хүүхэддээ амласан бол түүндээ заавал хүрч байх хэрэгтэй. Энэ бол жижиг юм шиг атлаа амьдралын том асуудлын нэг юм шүү. Эцэг эхчүүд та бүхэн, “За, хүүхэд юм чинь нэг удаа яадгийм” гэсэн байдлаар үр хүүхэддээ худлаа ярьж, хоосон амладгаа болих хэрэгтэй.
/Хань/
|